
Жилийн өмнө цэргийн албанд мордсон аав ээжийн хөвгүүд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ нэр төртэй биелүүлэн, цэргийн албаа амжилттай дуусгаж, өнөөдөр /2025.10.15/ халагдлаа. Тэд Ховд аймгаас 2024 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Баян-Өлгий аймгийн барилгын цэргийн 340 дугаар анги, Ардын Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хаажээ.
Бэлтгэлээр халагдсан дайчдыг угтан авах ёслолын арга хэмжээнд Ховд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Б.Ганхуяг нар оролцож, албаа амжилттай хаасан дайчдад баяр хүргэн, цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Мөн албаа нэр төртэй хаасан нэр бүхий дайчдыг аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөлөөр шагнаж, баяр хүргэв. Дайчдыг халагдан ирэхэд гэр бүл, ах дүүс, найз нөхөд нь халуун дотноор угтан авч, хүндэтгэлээ.