no image
ХАА-н салбарт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдийн хэлэлцүүлэг боллоо
2021-3-8
noimage
Хөдөө аж ахуй
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ХАА-н салбарт "Залуу малчин, тариаланч", "Ховдын бренд", "Жимс жимсгэнэ" зэрэг дэд хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхээр тусгасан. Удахгүй газар тариалангийн ажил эхэлнэ. Түүнээс урьтаж энэ салбарт ажиллаж буй тариаланчид, эрдэмтэн докторуудын үгийг сонсох, шинээр хэрэгжүүлэх хөтөлбөрт тусгах саналыг авах зорилгоор өнөөдөр /2021.03.09/ аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХААГазар хамтран өргөтгөсөн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт салбарын мэргэжилтэнүүд, гавьяатууд, малчид, тариаланчдын төлөөллүүд оролцов. Энэ үеэр аймгийн Эдийн засаг, дэд бүтэц, ХАА-н асуудал хариуцсан орлогч дарга Т.Жаргалсайхан, Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайхан, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх нар оролцож ХАА, газар тариалангийн салбарт баримтлах бодлого зорилт, хөтөлбөрт тусгах гол асуудлын талаар оролцогчдод мэдээлэл өгч, санал солилцлоо. Ирэх жилүүдэд хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдийн хүрээнд олон чухал ажил хийгдэнэ. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн 2000 га, Алтай сумын 700 га-ийн услалтын системийг сэргээх мөн Буянт суманд 5000 га, Мянгад суманд 2500 га-ийн услалтын системийг шинээр байгуулж, газар тариалан тэр дундаа жимс жимсгэний аж ахуйг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөж байна гэж салбар хариуцсан орлогч дарга Т.Жаргалсайхан хэлсэн үгэндээ онцоллоо. Хөтөлбөрүүдтэй холбогдуулан өмнө нь 3 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Удаа дараагийн хэлэлцүүлгээс гарсан саналыг ажлын хэсэг нэгтгэн дээрх хөтөлбөрүүдэд тусган боловсруулах юм. Мөн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж аль болох малчид, тариаланчдаа бүх талаар дэмжсэн, нийгмийн салбарт хэрэгжүүлэх бусад хөтөлбөрүүдтэй уялдсан, орон нутгийн үйлдвэрлэлийг өргөжүүлсэн салбарын бодлогыг тодорхойлсон чухал хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр зорьж байна.