no image
Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 91 хувийн ирцтэй хуралдав
2026-2-25
noimage
Цаг үеийн мэдээ

 

Өнөөдөр /2026.01.30/ аймгийн “Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. 91 хувийн ирцтэй хуралдсан тус шуурхай зөвлөгөөнд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүү нар оролцож, 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлууд, зорилго зорилт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Зөвлөгөөний үеэр Засаг даргын үйл ажиллагааны “Хурдтай хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн амьдрах орныг сайжруулах, эрүүл мэнд, боловсролын салбарыг дэмжих зорилгоор 2026 оныг “Хүний хөгжлийг дэмжих, амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласныг танилцуулж, байгууллагууд жилийн зорилтын хэрэгжилтийг ханган хамтран ажиллахыг чиглэл болголоо. -Жилийн зорилтын хүрээнд энэ онд ногоон байгууламжийг сайжруулах чиглэлд олон ажил хэрэгжих тул байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоотой, хамтран ажиллах, байгууллага бүр гаднах орчин, ногоон байгууламжаа тохижуулах -Хоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд болох “Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баярыг энэ жилээс эхлэн хувийн хэвшил хариуцан зохион байгуулахаар болсонтой холбогдуулан төрийн байгууллагууд хамтарч ажиллах -Орон нутгийн төсвөөр батлагдсан хөрөнгө оруулалтын ажлуудыг хугацаанд нь хэрэгжүүлэхэд Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс онцгой анхаарч, дөрөвдүгээр сарын дунд үе гэхэд бүх ажлыг бүрэн зарлаж дуусгах, нэг ч төгрөг татуулахгүй байхад анхаарах -Засгийн газрын 2025 оны 236 дугаар тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн төлөвлөгөө”-нд тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг сум, байгууллага бүр ханган ажиллах, төлөвлөгөөнд тусгах саналуудаа 2 дугаар сарын 04-ний дотор ЗДТГ-т ирүүлэх, цаашид өөрийн байгууллагатай холбогдох заалтуудын хэрэгжилтийг ханган, сар бүр тайлан, мэдээг ирүүлэх -Байгууллагуудын төсвийн шууд захирагч нар төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах, орон нутгийн 2026 оны батлагдсан төсөв, цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан үйл ажиллагаа явуулах, төсвийн эдийн засгийн ангиллыг мөрдөх, Шилэн дансны хэрэгжилтийг ханган, ил тод нээлттэй байх зарчмыг баримтлан ажиллах Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад байгууллага бүр анхаарч ажиллахыг үүрэг болгов. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Сүхнаран байгууллагын удирдлагууд ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах шаардлагатайг онцолсон бол Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирал С.Гантөмөр цахилгааны төлбөрийн борлуулалт нэгдсэн программд шилжсэнтэй холбогдуулан хэрэглэгчид сар бүрийн цахилгааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хүү алданги тооцох болсныг анхааруулж, уг мэдээллийг ажилтан, албан хаагчдадаа хүргэхийг хүсэв.