Ахиллис Хүүхэд Олон Улсын Хөтөлбөрийн хүрээнд аймгийн ЗДТГ, Ховд аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс салбарын бусад байгууллагуудтай хамтран "Багачуудын хөгжилтэй гүйлт-2025" тэмцээнийг өнөөдөр /2025.9.06/ зохион байгууллаа. Хүүхэд багачуудад биеийн тамир, эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх замаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг өөртөө итгэлтэй болгож, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий тус тэмцээн нь Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн ивээл дор анх удаагаа болсноороо онцлогтой.
Тус тэмцээнд 6-15 насны 600 гаруй хүүхдүүд оролцсоны 60 орчим нь хөгжлийн ялгаатай хүүхэд байв. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын З.Эрхбаяр, Засаг даргын орлогч Л.Энхбаяр нар оролцож хүүхэд багачуудад амжилт хүслээ.
Энэхүү арга хэмжээ нь тэмцээн уралдаан гэхээсээ илүү хөгжлийн ялгаатай хүүхдүүддээ урам зориг өгөх, нийгмийн хүрээллийг тэлэхэд чиглэсэн арга хэмжээ болж буйг зохион байгуулагчдын зүгээс онцолж байв. “Багачуудын хөгжилтэй гүйлт-2025” тэмцээн Хүүхдийн, Пара гэсэн төрөлд эрэгтэй, эмэгтэй 5 насны ангиллаар явагдсан юм.
Хүүхэд багачууд аймгийн төв талбайгаас Спортын ордон чиглэлд 400-1200 орчим метр зайд уралдаж, нас насны ангилалд шилдгүүдээ шалгарууллаа.
Тус тэмцээн нь зөвхөн Жаргалант сумын хүүхэд багачуудаар хязгаарлагдсангүй. Тэмцээнд Ховд аймгийн Манхан, Мөнххайрхан сумаас гадна зэргэлдээх Увс аймгийн Өмнөговь сумаас хүүхэд багачууд зорин ирж оролцсон юм.