no image
Булган суманд “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөг болов
2025-10-20
noimage

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Нийслэл, орон нутагт тодорхой хуваарийн дагуу жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаад Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Булган суманд “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийг 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгууллаа. 

 

 

Энэ нь орон нутгийн нөхцөл байдал, төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, олон нийтэд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, эрх, эрх чөлөө зөрчсөн талаарх өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах, төрийн албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, Комиссын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах ач холбогдолтой. 

 

 

Өдөрлөгийн хүрээнд: Төрийн албан хаагчдын дунд “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвээр сургалт Булган сумын иргэд, төрийн албан хаагчдад Орон нутгийн хүний эрхийн нөхцөл байдал, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр -2 төсөл танилцуулах хэлэлцүүлэг Тус сум дахь Прокурорын газар, сум дундын Цагдаагийн хэлтсийн холбогдох албан хаагчдыг оролцуулан “Шударгаар шүүлгэх эрх” хэлэлцүүлгийг тус тус өрнүүлж, төрийн албан хаагч, иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлын талаар ярилцлаа. 

 

 

Түүнчлэн Комиссын гишүүн Б.Энхболд сумын нэгдсэн эмнэлэг болон Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын хүний эрхийн гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг үнэлэх, хяналт шалгалт хийлээ. “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөгийн хаалтын уулзалтыг сумын удирдлагуудыг оролцуулан зохион байгуулж, өдөрлөгийн урьдчилсан дүнг танилцуулан, сумын түвшинд хүний эрхийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр бодит, үр дүнтэй арга хэмжээ авч ажиллахыг онцгойлон анхаарууллаа. Цаашид ажлын үр дүнгээ нэгтгээд Хүний эрхийн үндэсний комиссын хуульд заасны дагуу холбогдох шийдвэр гаргах эрх бүхий субъектэд зөрчилтэй асуудлуудыг шийдвэрлүүлэхээр санал зөвлөмж хүргүүлэх юм.