
Ховд аймгийн Жаргалант сумын V цэцэрлэгийн түүхт 50 жилийн ойн баярт зориулсан “Баярын хурал” өнөөдөр /2025.9.12/ аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин, Боловсролын газрын дарга Д.Цэрэндаваа, V цэцэрлэгийн эрхлэгч Б.Батчимэг нар оролцож, хагас зууны түүхийг хамтдаа бүтээлцэн, СӨБ-ын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй тус цэцэрлэгээр овоглосон үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, ажилтан, албан хаагчид, төгсөгчдөд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Баярын хурлын арга хэмжээний үеэр ахмад үеийнхэн болон одоо ажиллаж байгаа нэр бүхий багш ажилчдад төрийн дээд шагнал Алтангадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Салбарын яамны шагнал болон аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа.
V цэцэрлэг нь Ховд аймгийн ууган цэцэрлэгүүдийн нэг бөгөөд 1975 онд Магсаржав багийн нутаг дэвсгэрт 5 бүлгийн 125 хүүхэд, 14 багш ажилчидтайгаар хүүхэд багачуудад СӨБ олгож эхэлсэн байдаг.
Түүхийн энэ хугацаанд олон мянган хүүхэд багачуудын оюунд анхны боловсролын үрийг суулгаж, сургуульд амжилттай бэлтгэхийн зэрэгцээ үе үеийн багш ажилчдын амжилтын буухиагаар намтар түүхээ зузаатган СӨБ-ын байгууллагад 50 жилийн түүхээ мөнхөлж байна. Цэцэрлэгийн анхны эрхлэгч багшаар Г.Лхамжав гуай ажиллаж байсан бол энэ цаг үед Монгол Улсын зөвлөх багш Б.Батчимэг эрхлэгчтэйгээр 2025-2026 оны хичээлийн жилд 6 бүлэгт 230 гаруй хүүхэд, 28 багш ажилчидтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Тус цэцэрлэг нь 1989 онд Ховд аймгаас анхны Улсын тэргүүний цэцэрлэг болж байсан түүхтэй.