АЙМГИЙН НИЙГМИЙН БОДЛОГО ХАРИУЦСАН ОРЛОГЧ Т.ДЭЛГЭРСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ НИЙГМИЙН САЛБАРТ ХИЙГДЭЖ БУЙ ЗАРИМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ
ЖАРГАЛАНТ СУМЫН ХАЙРХАН, БУГАТ БАГИЙН ИРГЭД СПОРТ ЗААЛТАЙ БОЛНО
2020-2021 онд Алтай, Цэцэг, Дарви, Зэрэг, Жаргалант сумдад 250-500 хүний суудалтай спорт заалыг Улсын төсвийн 1,3-2,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулах юм. Үүний нэг нь Жаргалант сумын Хайрхан, Бугат багт баригдаж буй спорт заал.
“Элбэг гүн” ХХК тус бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 10 дугаар сард дуусган ашиглалтад өгөх гэрээтэй. Одоогоор ажлын гүйцэтгэл 60 хувьтай явагдаж байна. Тус компанийн хамт олон хугацаанаасаа өмнө буюу ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Спорт заалны хувьд төмөр материал их орно. Коронавирусний халдварын улмаас барилгын материал ховордсон, үнэ өссөн, татан авалт саатаж байгаа зэрэг нь гүйцэтгэлийн ажлын явцыг удаашруулах гол тулгамдсан асуудал болж байна.
Жишээ дурьдахад: “Элбэг гүн” ХХК-ийн мэдээлсэнээр барилын бүх төрлийн төмөр 1 тн нь 1,7 сая төгрөгийн үнэтэй байсан бол одоо 3,2 сая төгрөг болж үнэ өссөн. Хар паниар 1 ширхэг нь 30000 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 95000 болж үнэ өссөн байна. Үнэ нэмэгдэхийн зэрэгцээ олдоц муутай. Гэлээ гээд ажлаа зогсоохгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь хариуцлагатай гүйцэтгэхийн төлөө бүхий л нөөц боломжоо ашиглан ажиллаж байгаагаа хэлж байв.
"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ"-ИЙГ ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ
“Элбэг гүн” ХХК-ийн барьж байгаа бас нэг томоохон бүтээн байгуулалтын ажил бол "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” юм. Нийтдээ 4,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах тус бүтээн байгуулалтын газар шорооны ажлыг дуусгаад одоо барилгын суурийн ул бетон цутгалтын болон аяган суурь, шугамын суурийн ажил хийгдэж байна. Энд тус компанийн барилгын 2 бригад нийт 40 хүн ажиллаж байгаа юм.
Азийн хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газартай хамтарсан төслийн хүрээнд Ховд, Хөвсгөл, Архангай, Дархан-Уул, Дундговь, Дорнод гэсэн 6 аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүн ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн, олон улсын түгээмэл загварт нийцсэн "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв"-ийг байгуулж байгаа. Ховд аймагт байгуулж буй тус төвийг энэ онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Тус бүтээн байгуулалтын барилгын ажлын явцтай өнөөдөр /2021.06.29/ аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг танилцав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг дарын захирамжаар байгуулагдсан барилгын техникийн хяналт хийх ажлын хэсгийн ахлагч н.Цэдэнбал, ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл багтан мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллав.