
Засаг даргын орлогч Л.Энхбаярын санаачилгаар 2025 оны 01 дүгээр сарын 07-ноос эхлэн байгууллагын удирдлага, ажил хариуцсан мэргэжилтнүүд долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д иргэдийн санал, гомдлыг хүлээн авч ажилласан. Энэхүү ажлын зорилго нь иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шуурхай шийдвэрлэх, иргэн болон захиргааны байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулахад чиглэж байв. Тус ажлын хүрээнд 2025 онд нийт 55 байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд тус төвийн 7043-1111 болон 7743-1111 утсаар иргэдээс ирсэн 451 санал хүсэлт, гомдлыг хүлээн авсан байна. Үүнээс: 323 иргэнд холбогдох байгууллагаас тодруулга авч, хариу зөвлөгөө, мэдээлэл өгсөн бол 128 иргэний санал хүсэлт, гомдлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилж ажилласан байна. Мөн иргэн, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх үүднээс иргэдийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах 7043-1111 утсыг 7743-1111 болгон шинэчилж, санал хүсэлт, их ирдэг дараах 10 байгууллагын утсыг холбожээ. Үүнд: Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Боловсролын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Байгаль орчны газар, “Шим-Ус”ХХК, “Ховд дулааны станц”ТӨХК, “Цахилгаан түгээх сүлжээ”ТӨХК багтаж буй. Ингэснээр иргэн, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо сайжирч, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдсэн нь иргэдэд тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлжээ.