no image
2020-12-2
Цаг үеийн
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ҮР ДҮНТЭЙ ХИЙГДСЭН ОНЦЛОГ ТОМООХОН АЖЛУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ: Монгол Бельгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 18 тэрбум төгрөгийн санхүүжилттэй “Бүсийн оношилгоо эмчилгээний төвийг чадавхижуулах төсөл”-ийг 2019 онд амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд 53 нэр төрлийн 102 ширхэг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг суурилуулан ашиглаж байна. Үүний үр дүнд жилд дунджаар 1800-2000 орчим иргэдийн хотод эмчлүүлэх, онош тодруулах зардал, эдийн засгийн дарамтыг бууруулж, Улаанбаатар хотод хийдэг нарийн шинжилгээнүүдийг орон нутагтаа хийх боломж бүрдлээ. Мөн тус төслийн хүрээнд баруун 5 аймгийн Нэгдсэн эмнэлэг болон шаардлагатай сумдыг хүчилтөрөгчөөр хангах “Хүчилтөрөгчийн үйлдвэр”-ийг бусад аймгуудаас анхлан байгууллаа. Булган суманд 50 ортой сум дундын эмнэлгийг ашиглалтад оруулав. Ховд хотод барьж буй 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажил 90%-тай үргэлжилж байна. Чандмань сумын болон Жаргалант сумын Наран, Рашаант, Бугат, Баатархайрхан багийн ЭМТөвүүдийг шинээр барив. Алтай, Дөргөн сумын ЭМТөвийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ. БОЛОВСРОЛ, СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРТ: Ховд хотод 640 хүүхдийн суудалтай Цаст-Алтай цогцолбор сургуулийн хичээлийн байрыг барьж ашиглалтад хүлээн авч байна. “Хөгжил” политехник коллежийн 940 оюутны хичээлийн шинэ байрны барилгын ажил 75%-ийн гүйцэтгэлтэй байна. Алтай суманд 320 хүүхдийн шинэ хичээлийн байрыг барьж байна. Манхан,  Дарви, Мянгад суманд шинэ цэцэрлэг, Жаргалант сумын 1,14,15, 16-р цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулж, 9, 10-р цэцэрлэгийг өргөтгөн, нийт 9 цэцэрлэг барьж байна. Ингэснээр хүүхэд багачуудын сурч боловсрох таатай орчин нөхцөл бүрдэж, СӨБ, бага, суурь боловсролд хамрагдалт сайжирлаа. СОЁЛ, СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР: Дөргөн, Дуут, Цэцэг, Буянт сумдад шинэ соёлын төв барьж, Булган сумын соёлын төвд их засвар хийв. Булган, Манхан суманд спортын  ордон, Мөнххайрхан суманд соёл, спортын цогцолбор,  Дуут, Булган, Мянгад  суманд спорт заалыг шинээр барьж ашиглалтад оруулж, Эрдэнэбүрэн, Дарви, Цэцэг сумдын болон Жаргалант сумын Бугат, Хайрхан багийн спорт заалны барилгын ажлыг эхлүүллээ. Жаргалант сумын 7 дугаар сургуулийн  дотуур байр, урлагийн заал, биеийн тамирын талбайн цогц бүтээн байгуулалтыг ашиглалтад орууллаа. Хот, хөдөөгийн 4 багт биеийн тамирын талбай байгууллаа. Үүний үр дүнд хөдөө орон нутгийн ард иргэд, хүүхэд залуучууд спортоор хичээллэж эрүүл чийрэг амьдрах, бүс нутагтаа томоохон хэмжээний тэмцээн уралдаан зохион байгуулах, урлаг соёлын үйлчилгээг хүртээмжтэй авах нөхцөл бүрдэн сайжирлаа. ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ: УЛСДАА ХАМГИЙН УРТ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМТАЙ АЙМАГ БОЛЛОО Ховд-Говь-Алтай чиглэлийн 98 км авто зам тавьж, Босоо тэнхлэгийн авто замаар  Ховд-Өлгий хот бүрэн холбогдлоо. Мөст сумын төвийг Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замтай холбох 20,3 км хатуу хучилттай авто зам, Цэцэг сумын төвөөс Хөшөөт-Ярант чиглэлийн зам хүртэлх 4,9 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад хүлээн авлаа. Жаргалант суманд 10,6 км хатуу хучилттай зам тавьж, явган зам, гэрэлтүүлгийн ажлыг хийлээ. Уулын бүсийн Дуут суманд 60 км, Мөнххайрхан суманд 65 км ердийн хөрсөн замын засвар үйлчилгээг хийж, Чандмань сумын замыг засаж сайжруулж байна. Мянгад суманд 0,95 км авто замын барилгын ажлыг эхлүүлж, Ховд, Эрдэнэбүрэн сумыг хатуу хучилттай авто замтай холбох ТЭЗҮ-г боловсруулаад байна. Ийнхүү Ховд аймаг Улсын хэмжээнд хамгийн олон буюу 10 гаруй сумаа аймгийн төв болон Улаанбаатар хот, Улсын хилтэйгээ хатуу хучилттай авто замаар холбосон анхны аймаг болж, нийт 1244 км үргэлжлэх авто замын бүтээн байгуулалтаараа улсдаа тэргүүлж байна. Жаргалант суманд төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 3500 гаруй метр дулааны болон цэвэр бохир усны шугамын шинэчлэлийн ажлыг хийв. Чоно харайхын голын төмөр бетонон гүүрийн угсралтыг эхлүүлж, Мөнххайрхан суманд 2 модон гүүр, Буянт, Алтай, Мөст сумын төмөр бетонон гүүрийг ашиглалтад орууллаа. ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДЫН АЖИЛЛАХ ОРЧИН НӨХЦЛИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР: Ховд хотод аймгийн Прокурорын газар, Тагнуулын газар, Шүүхийн Тамгын газрын барилгыг шинээр барьж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 457-р хорих ангийн барилгыг өргөтгөн барьлаа. Зэрэг, Ховд, Эрдэнэбүрэн сумын Нутгийн удирдлагын ордныг шинээр барьж ашиглалтад оруулан, Жаргалант сумын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн байр, Чандмань сумын Нутгийн удирдлагын ордныг барьж байна. ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ: БҮХ СУМДАД ТӨРИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫГ ШИНЭЭР БАЙГУУЛАВ Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий төрийн Мал эмнэлгийн газар, тасгийг бүх сумдад шинээр байгуулж, 40 гаруй малын эмч ажлын байртай болж, ажиллах орчин нөхцөл нь сайжирлаа. Ийнхүү мал сүргийг цаг тухайд нь вакцинжуулах, эрүүлжүүлэх асуудлыг цогц байдлаар шийдэж, төр малчдын хамтын ажиллагааг бэхжүүлснээр сүүлийн 2 жилд малын гоц халдварт өвчин гараагүй, түүхий эд бүтээгдэхүүний үнэ тогтвортой өсөж, гадаад зах зээлд гаргах боломж бүрдэж байна. 2018-2019, 2019-2020 оны өвөлжилт, хаваржилт, зуслан сайжирч, мал сүрэг тарга хүчээ авч, өнгөрсөн хавар хамгийн олон буюу 1 сая 268 мянган төл хүлээн авч, төл бойжилт 99,3%-тай байж мал сүргийн тоо 4,3 саяд хүрлээ. Цаашид малын тоонд бус эрүүл мэнд, таваарлаг байдал, үүлдрийг сайжруулахад анхаарч, сайн угшлын эцэг малыг нийлүүлж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. ГАЗАР ТАРИАЛАН: 2020 онд Ховд аймгийн газар тариалан эрхлэгчид  245 га-гаар тариалалтаа нэмэгдүүлж, төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой боллоо. Нарийн ногооны төрөл, сортыг сайжруулахад анхаарч сүүлийн 2 жилд Орон нутгийн төсөвт 100 сая төгрөгийг батлан, тариаланчдад үр сортын дэмжлэг үзүүлэв. Хүнсний ногооны үнэ ханшийг тогтворжуулах, бүх улиралд дотоодын ногоог хүнсэндээ хэрэглэдэг болох зорилгоор Жаргалант суманд 1000 тоннын багтаамжтай зоорийг барьлаа. Булган, Жаргалант, Буянт сумдад жимс, жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх агропарк төслийг эхлүүллээ. 7 суманд Социализмын үед ашиглагдаж байсан услалтын системийг сэргээн засварлав. Хоногтоо 1500 м.куб ус цэвэршүүлэх хүчин чадалтай Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн Цэвэрлэх байгууламжийг барьж байна. Тус байгууламжийг түшиглэн Үйлдвэр технологийн парк байгуулах зөвшөөрлийг Засгийн газраас аваад байна. ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ: Бүх тэтгэвэр, тэтгэмжийг 12%-иар нэмэгдүүлэв. Малчдын тэтгэврийн насыг 5 жилээр урагшлууллаа. Ингэснээр аймгийн хэмжээнд 8100 гаруй малчин өрхийн 1800 малчин өндөр настны тэтгэвэр авдаг боллоо. “Ахмад настанд ач санах хууль” батлагдаж манай аймгийн 2000 гаруй настан “Насны хишиг” авдаг боллоо. ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ БОДЛОГЫН ХҮРЭЭНД: Өрхийн болон ЖДҮ эрхлэгчдийг дэмжих “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд “Бизнес инкубатор төв”-ийг байгуулж, ажлын хувцас, гутал, бээлий зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг иргэн, ААН-үүд, баялаг бүтээгчдэд дэмжлэг үзүүлж, 60 гаруй байнгын ажлын байрыг бий  болголоо. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 17 сумын 212 залуу малчин өрхийг 25685 толгой малаар малжуулж, 424 ажлын байрыг бий болгов. “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Гарааны бизнес” арга хэмжээг тогтмол зохион байгуулж, 109 баг бизнесийн санаагаа танилцууллаа. Үүнээс 32 шилдэг гарааны бизнест 311 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлж, 32 байнгын ажлын байрыг бий болголоо. Мөн “START UP” залуучуудын бизнес хөгжлийн төвтэй боллоо. “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хувиараа аж ахуй эрхлэх болон өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилготой 90 ахмад настанд эргэн төлөх нөхцөлтэй, хүүгүй зээл нийт 134,5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгов. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хөтөлбөр, төслөө өөрөө хэрэгжүүлэх чадвартай 111 иргэнд 200 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон байна. Олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран 20 гаруй удаагийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, нийт 2000 гаруй бизнес эрхлэгчдийг чадавхжууллаа. Улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгч 60 гаруй ААН-д 2 тэрбум төгрөгийн ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, хөнгөлөлттэй зээл тусламж үзүүллээ. Үүний үр дүнд 200 гаруй байнгын ажлын байрыг бий болголоо. Цаашид “Үйлдвэрлэгч Ховд” аймгийн дэд хөтөлбөрөө “Шинэ Ховд” хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогоо тууштай хэрэгжүүлнэ. ЗАСАГЛАЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД: “ХАРИУЦЛАГАТАЙ ТУНГАЛАГ ТӨР” ХӨТӨЛБӨРИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА. Ховд аймгийн Засаг даргын санаачилгаар “Авилга хүнд сурталгүй аймаг болох” зорилт дэвшүүлэн 2018 оноос эхлэн “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа, сургалтуудыг тасралтгүй зохион байгуулж байна. ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА MNS ISO 9001:2015 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор олон улсын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, 2019 оны 12-р сард албан ёсоор “Батламж”-аа гардан авсан. Цаашид тус стандартыг аймгийнхаа төрийн үйлчилгээний 10 гаруй байгууллагад нэвтрүүлэх зорилгоор "Стандарттай Ховд” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын стандартын талаар мэргэжлийн байгууллагуудаас зөвлөх үйлчилгээг тогтмол авч, байгууллагын дотоод аудиторуудыг бэлтгэж байна. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр аймаг, орон нутгийн нийгэм, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх чанар стандартын шаардлага хангасан зүй зохистой, зөв хэрэглээ, үйлчилгээг бүх салбарт бий болгох, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зэрэг олон чухал ач холбогдолтой юм. ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨДӨӨГИЙН СУМДЫН ИРГЭДЭД ОЙРТУУЛЛАА Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нэг цэгээс олон төрлийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх зорилгоор 17 сумын ЗДТГ-ын байранд төрийн 11 байгууллагын 54 төрлийн лавлагаа мэдээллийг нэг дороос олгох тоног төхөөрөмжийг суурилуулж, үйл ажиллагааг эхлүүллээ. Ил тод, сайн засаглалыг бэхжүүлэх зорилгоор “Шилэн дансны хууль”-ийн хэрэгжилтийг 100% хангаж ажиллах зорилт тавьж, 2019 онд 96,4% биелүүлж, Санхүүгийн хяналт, дотоод аудитын байгууллагаас “ЭЕРЭГ САЙН” гэсэн үнэлгээг авч ажиллалаа. Цаашид орон нутгийн Боловсрол, Эрүүл мэнд, Байгал орчин, Хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбарын хөгжлийг дэмжих аймгийн дэд хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.  “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд батлагдсан Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан Улсын Их Хурлаар батлагдсан дунд хугацааны хөтөлбөртэй “Шинэ Ховд”, “Стандарттай Ховд” хөгжлийн хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлнэ. Үүнд: -           Агаарын бохирдлыг 50 хувь бууруулах сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулж, гэр хорооллын айлуудыг ухаалаг тоолуурт холбож цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ. -           Ховд-Улаангом чиглэлд 163 км хатуу хучилттай авто зам барина. -           Ховд, Эрдэнэбүрэн, Чандмань, Дөргөн сумыг хатуу хучилттай авто замд холбох нийт 160 км авто замыг барина. -           Ховд аймгийн Дулааны станц, дулаан дамжуулах төв, дулааны шугам сүлжээний шинэчлэл, өргөтгөлийг хийнэ. -           Гэр хорооллын айл өрхүүдийн цэвэр бохир усны шугам сүлжээг шинэчлэн өргөтгөнө. -           Айл өрхүүдийг дэд бүтцэд холбох "Хашаандаа сайхан амьдарцгаая" төсөл, хотын төвийн дэд бүтцийн ажил, шинэ суурьшлын бүсийг эрчим хүчинд холбох, айл өрхийг ухаалаг тоолуурт шилжүүлэх ажлыг хийнэ. -           “ШИНЭ ХОВД” Үйлдвэрлэл технологийн парк байгуулна. -           Хөдөө аж ахуй , газар тариалангийн салбарыг хөгжүүлэх “Ховд агро парк” байгуулна. -           Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт иж бүрнээр нь барьж байгуулна. -           Баруун бүсийн хэрэглээг хангах бага оврын газрын тосны үйлдвэр байгуулна. -           Ховд нисэх буудлыг 4С ангиллын олон улсын нисэх буудал болгон өргөтгөнө. -           Орон нутаг дахь МСҮТ, политехник коллеж, их, дээд сургуулиудыг дэмжиж, багш нарт орон нутгийн нэмэгдэл олгож, оюутныг төлбөрийн хөнгөлөлттэй нөхцлөөр суралцуулна. -           Алслагдсан бүсийн ААН 10 дахин бага татвар төлөх хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, томоохон аж ахуйн нэгжүүд орон нутагт салбараа байгуулахад санхүү, татварын бодлогоор дэмжиж, бүсийн нэмэгдэл олгоно. -           “Тогтвортой аялал жуулчлал-2” төсөлд аймгаа хамруулж, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зэрэг Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн хөгжилд чухал ач холбогдол бүхий Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл, Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа-2050” урт хугацааны хөтөлбөрт тусгуулсан томоохон ажлуудыг хэрэгжүүлж,  олон улсын  байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлж, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэр үйлчилгээ, бизнесийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргана. ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ТОМООХОН АЖЛУУДААС: ХОВД АЙМАГТ ХАМГИЙН ОЛОН ХӨӨМИЙЧ НЭГЭН ЗЭРЭГ ХӨӨМИЙЛЖ ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ТОГТООЛОО Монгол туургатны язгуур урлагийн үнэт өв болсон “Хөөмий”-н урлагийг Геннист бүртгүүлэх ажлыг Дэлхийн хөөмийн холбоотой хамтран амжилттай зохион байгууллаа. 2019 оны 10-р сарын 30-ны өдөр таван настай балчраас 83 настай Улсын тэргүүний уран сайханч буурай хүртэлх насны 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, Дэлхийн дээд амжилтыг тогтоон Ховдчууд бид “Түүхэн бахархал”-ын эзэд боллоо. ХОВД АЙМАГТАА ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРК БАЙГУУЛАХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ГАРГУУЛАВ Жаргалант суманд Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор ноос ноолуур, арьс шир, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, мах сүү, яс, тос боловсруулах зэрэг олон үйлдвэр байгуулагдах боломж бүрдэх юм. Эдгээр үйлдвэрүүдийг байгуулах Засгийн газрын тогтоол гаргуулж, Бичигт багт, 100 га газарт “Үйлдвэр технологийн парк” байгуулахаар төлөвлөсөн. Одоогоор тус үйлдвэрүүдийг байгуулах газарт хашаа татаж, дэд бүтцийн ажлыг эхлүүлээд байна. ХАЛААЛТЫН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙГААР ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА Жаргалант суманд төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд засварлаагүй 3500 гаруй метр дулааны болон цэвэр бохир усны шугамын шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн хувийн болон ОНХС-ийн дэмжлэгээр социализмын үед сумдад ашиглаж байсан халаалтын системийг дахин сэргээж 13 сумыг төвлөрсөн халаалтын шугам сүлжээнд холболоо. Ингэснээр хөдөөгийн сумдад орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдлээ. “ЭВИЙН ХҮЧ” ХУДАЛДААНЫ ТӨВИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА 2014 онд Услын төсвийн болон бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтаар баригдсан ч газрын болон өмчлөлийн маргаан, худалдаа эрхлэгчдийн үйлчилгээгээ эхлүүлэх таатай орчин нөхцлийг бүрдүүлээгүй зэрэг шалтгааны улмаас ашиглалтад оруулаагүй “Эвийн хүч” худалдааны төвийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, бизнес эрхэгчдэд өмчийг нь эзэмшүүлэв. СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮҮХЭД, ЗАЛУУСЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАВ Хүүхэд, залуусын хөгжлийг дэмжих, спортоор хичээллэх сонирхол, хүсэл эрмэлзлэлийг нь нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймагт Волейболын идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, Жүдо бөхийн өсвөр үеийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг улс, бүсийн хэмжээний томоохон тэмцээнүүдийг аймагтаа амжилттай зохион байгууллаа. Волейволын Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд бүс бүсээс шалгарсан шилдэг 31 багийн 400 орчим тамирчин оролцсоноос Ховд аймгийн баг тамирчид аваргын “Алтан медаль” хүртэж, 18 жил тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлэн “УЛСЫН АВАРГА” боллоо. Мөн тус тэмцээнд манай аймгийн эрэгтэй баг тамирчид шилдэг 8 багт шалгарсан амжилтыг үзүүлэв. СУРАГЧДЫН ШИРЭЭ САНДЛЫГ БҮРЭН ШИНЭЧИЛЛЭЭ ЕБС-иудын сургалтын орчин нөхцлийг сайжруулж, материаллаг баазыг бэхжүүлэх зоригоор Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019-2020 онд Ерөнхий боловсролын 25 сургуулийн сурагчдын ширээ, сандлыг бүрэн шинэчиллээ. ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЛ ТОГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЗӨӨЛӨН ЭДЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ Аймгийн Засаг даргын санаачлагаар 2019 онд “ТИКА” ОУБ-ын 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Төрийн өмчийн бүх цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж иж бүрэн шинэчилсэн. Тэгвэл энэ онд Тайваний “Хүүхдийг ивээх сан”-гийн дэмжлэгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн зөөлөн эдлэлийг үе шаттайгаар шинэчлэх ажлыг эхлүүллээ. Эхний ээлжинд нийт 1000 хүүхдийн ор, хөнжил, гудас, цагаан хэрэглэлийг аймгийн төвийн 8, хөдөөгийн 10 цэцэрлэгт хүлээлгэн өглөө. Мөн 1 дотуур байрны ор, зөөлөн эдлэлийг бүрэн шинэчиллээ. БУЯНТ, МЯНГАД, БУЛГАН СУМДАД ХАДЛАНГИЙН САЛАА БАЙГУУЛАВ Аймгийнхаа хадлангийн нөөцийг дотооддоо бүрэн хангадаг аймаг болох зорилт тавьж Буянт, Мянгад, Булган сумдад хадлангийн иж бүрэн салаа байгууллаа. Энэ ажлын хүрээнд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн зээлийн санхүүжилтээр 82 морины хүчин чадалтай 6 ширхэг тракторыг иж бүрдлийн хамт, дундын үйлчилгээний техник бүрдүүлэх зорилгоор үр тарианы болон эрдэнэшишийн үрлэгч нэгийг олголоо. Үүний үр дүнд 2019 онд 14000 боодол буюу 280 тонн өвс бэлтгэн нөөцөлсөн бол 2020 онд 500 тонн хадлан бэлтгэх зорилт тавин ажиллаж байна. ОЛОН ЯСТАН ЗАЛУУЧУУДЫН ФЕСТИВАЛЬ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАВ Ховд аймгийн нийт хүн амын 50 гаруй хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Тиймээс орон нутгийн хөгжлийн түүчээ болсон залуу үеийнхний идэвх, оролцоог сайжруулах, урлаг спортоор дамжуулан тэднийг соён гэгээрүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд “Ховд аймгийн олон ястан залуучуудын фестиваль-2019” арга хэмжээг анхлан зохион байгууллаа. Тус фестивальд 17 сумын 15-34 насны малчин болон бизнес эрхлэгч залуусын төлөөлөл 500 гаруй залуу оролцлоо. ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ  ХАМТРАН АЖИЛЛАХ ШИНЭ ГЭРЭЭ ХЭЛЦЛҮҮДИЙГ БАЙГУУЛАВ
  1. Азийн хөгжлийн банктай хамтран Хөдөө аж ахуй, дэд бүтцийн чадавхжуулах төсөл
  2. Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран байгаль орчныг хамгаалах тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа иргэдийн амьжиргааг сайжруулах “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төсөл
  3. Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран Мал эмнэлгийг чадавхижуулах, соёлын хамтын ажиллагаа явуулах төслүүд
  4. Норвегийн тусламжийн байгууллагатай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих” төсөл
  5. Японы Хүүхдийг ивээх сантай хамтран “Өсвөр үе залуучуудад интерпренершип боловсрол олгох” төсөл,  “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэнд, боловсролын  салбарыг бэхжүүлэх төсөл
  6. НҮБ-ын хөдөө аж ахуйн суурин төлөөлөгчийн газартай хамтран хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг бий болгож, малчид тариаланчид, фермерүүдийн орлогыг нэмэгдүүлэх “SECIM” төсөл
  7. “ТИКА” олон улсын байгууллага, Тайваны “Хүүхдийг ивээх сан”-тай хамтран сургууль, цэцэрлэгүүдийн зөөлөн эдлэл, туслах тоног төхөөрөмжүүдийг бэхжүүлэх төсөл
  8. Азийн хөгжлийн банк, Японы Элчин сайдын яамтай хамтран “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл зэрэг олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллаж байна.
Энэхүү ажлуудаас гадна аймгийн эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, байгал орчин, дэд бүтэц, зам харилцаа зэрэг бүхий л салбарт улс, орон нутгийн төсөв, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар олон тооны ажлууд хийгдсэнийг энд онцлон тэмлэглэе.