
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Сайдын зөвлөх И.Баттөгс нар Ховд аймагт ажиллав. Сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймаг орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймагт хэрэгжиж буй төсөл, Тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, 2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо. Ховд аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 55 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.
Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Амарсанаа ХББОС-ын сайд Э.Бат-Амгаланд хандан дараах саналыг илэрхийлэв. Аймагт ундны усны хоёр дахь эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. 10 давхраас дээш орон сууцны барилга барилаа гэхэд усан хангамж нь хүрэлцэхгүй байна. Цаашид өсөн нэмэгдэх хэрэглээг хангахад хүндрэл үүсэх эрсдэлтэй. Түүнчлэн 2014 онд Дэлхийн банкны төслөөр буюу 1.5 тэрбум төгрөгөөр цэвэрлэх байгууламжийг өргөтгөсөн ч элэгдэлд орж улмаар усаа шүүхгүй байгаа. Тиймээс шинэ цэвэрлэх байгууламж шаардлагатай. Хуучин цахилгаан станц 2014 онд ашиглалтад орсон. Өнөөдрийн байдлаар ачаалал нь дээд цэгтээ хүрсэн. Улмаар шинэ дулааны цахилгаан станцын 5 га газрын асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлэсэн боловч санхүүжилтгүйн улмаас гацсан байдалтай байгаа” гэв.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан дээрх асуудлуудыг яаманд албан хүсэлтээр хандах ёстой гэдгийг онцлоод, хурдан шуурхай уялдаа холбоотой ажиллахыг үүрэг болголоо.
Үргэлжлүүлэн ажлын хэсэг Шинэ суурьшлийн бүсийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, улмаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын удирдлага, албан хаагчидтай уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонсов.