
2025 оны Ахмадын улсын аварга шалгаруулах Волейболын тэмцээн энэ сарын 20-24-ний өдрүүдэд Ховд аймгийн Булган суманд болж байна. Энэ удаагийн тэмцээнийг ОУХМ Лхамжавын Баатархүрээгийн нэрэмжит болгон түүний төрсөн нутаг Булган суманд зохион байгуулж буйгаараа онцлогтой.

Тэмцээнд нийт 65 багийн 800 орчим тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Үүнээс Тува улсаас 2 баг оролцож байгаа бол 20 багийн 250 гаруй тамирчин Ховд аймгаа төлөөлөн оролцож байгаа юм.
Тэмцээний нээлтийн арга хэмжээ энэ сарын 21-ний өдөр боллоо. Аймгийн Засаг дарга М.Амарасанаа нээлтийн арга хэмжээнд оролцож, мэндчилгээ дэвшүүлэн баг тамирчдад амжилт хүслээ.
УАШТ-ийг хөдөө орон нутагт зохион байгуулснаараа тус спортыг хөгжүүлэх, залуу тамирчдыг сурган бэлтгэхэд ач холбогдолтой. Тэмцээнийг Монголын волейболын холбоо МВХ-ны ахмадын зөвлөл, Ховд аймгийн Булган сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь Минжит Булган нутгийн зөвлөл, Торгон нутаг клуб хамтран зохион байгуулж байна. Хөдөө орон нутагт анх удаагаа болж байгаа энэхүү тэмцээнд оролцож буй нийт тамирчдын 400 гаруй нь спортын дэд мастер, спортын мастер цолтой бол ОУХМ цолтой 50 гаруй, гавьяат тамирчин цолтой 10 гаруй тамирчин оролцож байгаа нь чансаа өндөртэй тэмцээн болж буйг илтгэж байна хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа. Тэмцээн эмэгтэй 35-42 нас, 43-50 нас, 51-ээс дээш нас, эрэгтэй 40-47 нас, 48-54 нас 55-аас дээш гэсэн насны ангилалд явагдаж, шилдгүүдээ тодруулна.