
Жендэрийн үндэсний хорооноос бэлчээр, тал нутгийн экологийн тэнцвэрийг хадгалах, нүүдэлчин амьдралын хэв маягт уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах бодлогыг жендэрийн мэдрэмжтэй тодорхойлох зорилгоор эрдэмтэн судлаачидтай хамтран судалгаа хийж дууслаа.
2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр болсон үйл ажиллагааг нээж Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь дэд суурин төлөөлөгч Деклан Магий нар үг хэлсэн бол Улсын их хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх нар оролцогчдод зориулж мэндчилгээ дэвшүүлэв.
Архангай аймгийн Батцэнгэл, Өндөр-Улаан сумдад хийгдсэн судалгааг харвал, малчин өрхийн эмэгтэйчүүд өрхийн худалдан авалт болон цагаан идээ борлуулалтаас олох орлогод зонхилох үүрэг оролцсоноор гэр бүл дэх байр суурьт эерэгээр нөлөөлж, шийдвэр гаргах эрх мэдлийг олгодог байна. Энэ нь малчин өрхийн эмэгтэйчүүд гэр бүлээ тэжээх, орлого олох чадваргүй гэсэн жендэрийн хэвшмэл хандлагыг үгүйсгэж байгаагийн илрэл юм.
Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад тэр тусмаа малчин эмэгтэйчүүд хөрөнгийн хариуцлага бүхий бизнесийн нэгдэл, хоршооллыг үүсгэх нь өрхийн аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх, технологи нэвтрэлтийг түргэсгэх давуу талтай. Гэвч энэ чиглэлээр эхлүүлсэн олон удаагийн ажлууд тогтвортой урт хугацаанд үргэлжлэхгүй байгаа шалтгааныг салбарын мэргэжилтнүүд нь тодорхойлж дараагийн шатны үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь илүү үр дүнтэй гэдгийг судлаачид онцолж байна.
Симпозиумд 21 аймгийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд, жендэрийн үндэсний шинжээчид, жендэрийн салбар зөвлөл 14 яамдын төрийн нарийн бичгийн дарга нар, жендэрийн мэргэжилтэн, судалгаанд хамрагдсан сумдын холбогдох албан тушаалтнууд, олон улсын байгууллагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, ИНБ-ууд болон бусад төлөөллүүд оролцож байна.
Уг судалгааг Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард таван судлаачийг сонгон шалгаруулж тус бүр 2,500 ам.доллар, нийтдээ 12,500 ам.долларын тэтгэлгийг гардуулсан. Энэхүү төсөл нь улс төр, хууль эрхзүй, эдийн засаг, соёлын болон гэр бүлийн бүхий л харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах (ЖЭТБ), ЖЭТБ-ын үзэл баримтлалыг үр дүнтэй тусгах замаар тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэж байгаа билээ.