Энэ жилийн хувьд аймгийн хэмжээнд зуншлагын байдал алаг цоог, өвсний гарц тааруухан байгаа. Өвөлжилт хүндэрч болзошгүй. Тиймээс эртнээс хадлан бэлтгэх ажилд анхаарч байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд: Аймгийн Засаг дарга захирамж гаргаж Ховд аймгийн нутаг дэвсгэрээс өөр аймаг руу өвс, хадлан гаргахгүй байх чиглэлийг холбогдох албан тушаалтанд өгөөд байгаа. Энэхүү захирамжийг танилцуулж, аймгийн аюулгүйн нөөцийн өвс бэлтгэхэд хамтран ажиллах талаар санал солилцохоор аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, ХХААГ-ын дарга Б.Сандагсүрэн нарын албаны төлөөлөл өнөөдөр /2025.07.29/ Буянт суманд ажиллав.
Хадлангийн гол бүс нутаг болох Буянт суманд өвс бэлтгэн нийлүүлдэг 10-аад иргэн, аж ахуйн нэгж бий. Тэд наймдугаар сарын 05-аас хадландаа орохоор бэлтгэлээ хангаж байна гэлээ.
Хадланчид: Байгаль, цаг агаарын нөхцөл байдал, учирч болох эрсдэлийг тооцож гаргасан аймгийн Засаг даргын шийдвэрийг дэмжиж буйгаа хэлж хамтран ажиллахаа илэрхийлэв. 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд 100 000 орчим боодол өвс бэлтгэхээр тооцоолоод байна.