no image
Мянгад сумын малчин Б.Батсүх Аймгийн хошой аварга малчин болов
2026-2-25
noimage
Хөдөө аж ахуй

 

Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Ховд аймгийн 8000 орчим малчин өрхөөс 13 нь “Аймгийн хошой аварга малчин өрх”-өөр шалгарсан. Тэдний нэг нь Мянгад сумын Цагаанбулан багийн малчин Баатаржавын Батсүх юм. Өнөөдөр /2026.02.10/ аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, аймгийн ИТХ-ын ЗБОНХХ-ийн дарга Ц.Азбилэг нар сумын удирдлагуудын хамтаар Баатаржавын Батсүх, гэргий Тогтохын Аззаяа нарт хүндтэй шагналыг гардуулан өгч, баяр хүргэлээ. Б.Батсүх нь 2017 онд “Сумын сайн малчин”, 2020 онд “Аймгийн аварга малчин” болж байсан амжилтаа ахиулан ийнхүү “Аймгийн хошой аварга малчин өрх” гэсэн хүндтэй цол хүртэж байна. Энэ нь Мянгад сумаас төрөн гарч буй анхны хошой аварга малчин өрх гэдгээрээ онцлогтой. 2000 онд хоёр талын аав ээжээс өмч болгон өгсөн 70 толгой малтай өрх тусгаарлаж байжээ. Түүнээс хойш гэр бүлийн хамтын хөдөлмөрөөр буурлуудынхаа буян хишгийг нь арвижуулж, таван төрөл дээрээ малаа өсгөн, өдгөө 1300 гаруй толгой малтай болоод байна. Тэд зургаан залуутай. Мал маллах арга ухаанаа үр хүүхдүүддээ өвлүүлэхийн зэрэгцээ залуу малчдад зөвлөн тусалдаг аж. Эдний өрх айл Цагаанбулан багийн нутаг Хундастын булан гэх газар өнтэй сайхан өвөлжиж, ирэх хавар 250 гаруй төл хүлээж авахаар бэлтгэлээ базаажээ. Түүний аав н.Баатаржав нь 1996 онд “Сумын сайн малчин” цол хүртэж байсан бол төрсөн дүү нь 2021 онд “Монгол Улсын Аварга Малчин” болж байжээ.