no image
"БАРУУН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН-2019" ХОВД АЙМАГТ БОЛОВ
2019-10-23
noimage
Цаг үеийн мэдээ
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс /KONRAD ADENUAER STIPTUNG/-Конрад-Аденауэр сан, Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ховд аймаг дахь салбартай хамтран энэ оны 10-р сарын 23-ны өдөр “Баруун бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2019” арга хэмжээг зохион байгуулав. Баруун бүс нутаг Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудын өрсөлдөх чадварыг хэлэлцэн, цаашид урт хугацаанд бодлогын түвшинд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, хөгжлийн төсөл хөтөлбөрийг уялдуулах зорилгоор зохион байгуулж буй уг чуулганд салбарын яамд, таван аймгийн нутгийн удирдлага, ИТХ, МҮХАҮТ-ын салбар танхимууд, Олон улсын байгууллагууд, Бизнесийн байгууллагуудын төлөөлөл болсон 100 гаруй хүн оролцлоо.
Чуулганыг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга Др Д.Цагаан оролцогчдод баяр хүргэн, “Баруун бүсийн аймгуудын өрсөлдөх чадвар” сэдвээр илтгэл танилцууллаа. Мөн Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Батбаяр “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль болон хэрэгжүүлэх журмын танилцуулга” сэдвээр Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав “Ховд аймгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зам” сэдвээр БОАЖЯамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Молор Аялал жуулчлалын талаарх төрөөс баримтлах бодлого” сэдвээр, ЖДҮХСангийн Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мянганбанзрагч “Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа. Хэлэлцсэн илтгэл, мэдээлэлтэй холбогдуулан нэгдсэн хуралдааныг зохион байгууллаа. Үүнээс гадна “Бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн боломжууд”-ынхаа талаар харилцан санал солилцлоо. Энэ үеэр бүс нутагтаа эдийн засгийн тэргүүлэх ач холбогдол бүхий үйлдвэрийг олноор барьж байгуулах замаар иргэдийг ажлын байраар тасралтгүй хангах, цаашлаад хүний хөгжлийн үзүүлэлт, хөдөлмөр эрхлэлтээр тэргүүлэх нь чухал гэдгийг онцоллоо. Мөн дэд бүтэц, аялал жуулчлал, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд бүсчилсэн хөгжлийн бодлого, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэв. Ховд аймгийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, өсвөр үе, залуучуудын сурч боловсрох боломжийг өргөжүүлэх зорилгоор “Хүний хөгжил-Бүсийн хөгжлийн төлөө хамтдаа” уриалга гарган, тодорхой бодлого хэрэгжүүлж байна. Тухайлбал, баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамаарлаас гарах зорилтын дагуу Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Усан цахилгаан станц барьж байгааг онцоллоо. Мөн эко цемент, бага оврын нефть боловсруулах үйлдвэр, малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж, хөдөө аж ахуйн агропарк зэрэг баруун бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц томоохон бүтээн байгуулалт төлөвлөсөн гэж аймгийн Засаг дарга танилцууллаа. Энэ үеэр банкны зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, дэд бүтцийг хөгжүүлэх замаар дулааны шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэх, орчны бохирдлыг арилгах, бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хил гаалийн хяналтаар нэвтрүүлэх татварыг багасгах зэрэг нэлээд саналыг оролцогчид хэллээ. Чуулганд оролцогчид маргааш буюу 10-р сарын 24-нд ЮНЕСКО-ийн “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл”-д дэлхийн соёлын эртний чулуун зэвсгийн өвд бүртгэж авсан “Хойд цэнхэрийн агуй”-тай танилцсанаар чуулганы арга хэмжээ өндөрлөнө.