no image
Г. Сүхбаатар аймаг, бүсийн наадмаас 30 гаруй айраг, түрүү авчээ
2022-3-5
noimage
Цаг үеийн мэдээ
Хөдөө аж ахуй
Ховд аймгийн Дарви сумын аймгийн алдарт уяач Г. Сүхбаатар МҮОНРТ-ын “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох "Алтан унага"-ны эзнээр тодорлоо. Тэрээр удам дагасан 3 дахь үеийн уяач. 2005 оноос морь уяж эхлэснээс хойш уясан хүлэг болгон нь хурдан байж, аймаг бүсийн уралдаанд айраг, түрүү авч байсан амжилттай яваа залуу малчдын төлөөлөл юм. Г. Сүхбаатар нь багаасаа адуунд хайртай, адуу маллаж ирсэн, өвөө нь сум нэгдлийн адуучин, аав нь аймгийн алдарт уяач Н. Гомбодорж гэдэг хүн бий. Нутгийн зон олон нь “Алтан унага”-ны эзнийг хурдан удмын адуун сүргийн үүлдэр угсааг хадгалж, сайжруулах тал дээр нутаг орондоо манлайлж, өвөө, аавынхаа алдар хүндийг үргэлжлүүлж яваа хөдөлмөрч залуу хэмээн сайшаан, магтаж байлаа. Тэрээр нутагтаа сүүлийн 2-3 жил адуугаараа түрүүлж яваа, 250 гаруй адуутай, аймаг, бүсийн наадмаас 30 гаруй айраг, түрүү авсан амжилт гаргажээ. Амжилт бүхний ард айл гэрийн гэргий бий. Түүний эхнэрийг Ч. Тамир гэдэг. Тэдний морь малын ажилд айлын 4 хүүхэд тусалдаг байна. Эдгээр 4 хүүхдийг яг л өөрийн хүүхэд шиг хайрлаж, халамжилдаг тухайгаа хэлж байв. Тэд айл гэр болоод 10 жилийн ой дээрээ энэхүү шагнал авсанд их л билэгдэлтэй сайхан байгаагаа илэрхийллээ. Ийнхүү Ховд аймгийн Дарви суманд 35 жилийн дараа “Алтан унага”-ны эзнээр аймгийн алдарт уяач Г. Сүхбаатар шалгарч, мал сүргийнхээ удмын санг дэмжиж, нутаг орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйд нутгийн зон олон бахархаж байлаа.