no image
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
2020-3-17
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Улсын Онцгой комиссын хурлаас гарсан шийдвэрүүдийг орон нутагт үе шаттай хэрэгжүүлэх, цаг үеийн ажлын талаар мэдээлэл солилцох зорилгоор өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хурлаар 9 асуудал хэлэлцэж, хэд хэдэн шийдвэр гаргасан юм. Баян-Өлгий аймагт шинэ төрлийн коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэбүрэн сумын Хонгион гүүрэн дээр нэг пост, Улаан богоч чиглэлд мөн нэг постыг ажиллуулахаар боллоо.
Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу нүүрс тээвэрлэлт эхлэх гэж байгаатай холбогдуулан Хөшөөтийн уурхай болон Булган сум дахь Хилийн боомтод онцгой нөхцөлд нүүрс тээвэрлэлт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулах, хяналт шалгалт хийх мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсэг томилон ажиллуулахаар шийдвэрлэв. Мөн орон нутагтаа 25 мянган ширхэг амны хаалтны нөөц бүрдүүлэх, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын ажилтан, алба хаагчдыг халуун хэмжигч болон тусгай зориулалтын хувцас хэрэгслээр хангах, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг байгууллага бүр тогтмол зохион байгуулах, гэр хорооллын айл өрхийн муу усны нүх, хоолой, нүхэн жорлонг үе шаттай ариутгах зэрэг асуудалд анхаарч ажиллахаар боллоо. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосонтой холбогдуулан гэртээ байгаа бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зэргээр хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм. Мөн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр баар, ресторан, караоке, худалдаа үйлчилгээний төв, хүнсний дэлгүүрүүд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг энэ сарын 30-ны өдөр хүртэл хориглосон бөгөөд ресторан, зоогийн газрууд 10:00-17:00 цагийн хооронд иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой гэж шийдвэрлэсэн байна.