no image
Цэцэг сумын малчин Д.Батбилэгийнх Алтан төлийн эзэн боллоо
2026-2-25
noimage
Хөдөө аж ахуй

 

Сар шинийн босгон дээр Цэцэг сумын Баян гол багийн малчин Даваагийн Батбилэг, гэргий Ванчины Цэвэлмаа нар “Алтан төлийн эзэн”-ээр тодорч, өнөөдөр шагналаа гардан авлаа. Тэд хонин сүргийг түлхүү өсгөн үржүүлж, төл малаа бүрэн бойжуулсан амжилтаар ийнхүү “Алтан хурга” шагналын эзэн болж байна. Эднийх 1000 гаруй толгой малтай. Мал сүргийнх нь 70 орчим хувийг хонь эзэлдэг. Хонь бол бэлчээрийн даацад сөрөг нөлөө багатай, хотондоо дулаан элчтэй. Иймээс малчин Д.Батбилэг бэлчээрийн даацыг тохируулж, ургамлын өсөлт, хөгжил, нөхөн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд хоёр хонины дунд нэг ямаа байхаар тооцож, сүргийн бүтцийг тэнцвэржүүлэхийг зорьж байна. Эднийх 30 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд хамгийн холдоо 110-150 орчим км замыг туулж, Говь-Алтай аймгийн нутаг, Говийн их дархан цаазат газрын "Б" хэсэг, “Хүрэн дэлийн нуруу” хүртэл отор нүүдэл хийдэг. Малчин Д.Батбилэгийнх өдгөө Цэцэг сумын төвөөс 40 гаруй км зайд Баян гол багийн нутаг, “Зайсангийн жавж" хэмээх газар өвөлжиж байна. Энэ л нутагтаа Сутай хайрхан уул, Цэцэг, Хулам нуураа түшиглэн таван үеэрээ мал маллаж иржээ. Өдгөө түүний хүү Б.Шинэхүү ч мөн эцэг эхийнхээ мал маллах арга туршлагаас суралцаж, залуу малчдын залгамж халааг өргөжүүлж байна. Эднийх нутгийн 3-4 өрхөд дэмжлэг үзүүлж малжуулсан бөгөөд ирэх хавар 300-400 орчим төл мал хүлээн авахаар байна. “Алтан төлийн эзэн”-ээр шалгарсан Д.Батбилэг, гэргий В.Цэвэлмаа нарын шагналыг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Сандагсүрэн, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы бие төлөөлөгч Т.Заяа тэргүүтэй ажлын баг, сум орон нутгийн удирдах ажилтнууд гардуулан өгч, баяр хүргэлээ.