
Сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, түүх болон цэргийн мэдлэгийг нэмэгдүүлэх, нийгэмд идэвхтэй, манлайлагч иргэнийг бэлтгэх зорилгоор Батлан хамгаалах яамнаас санаачлан “Монгол Цэргийн түүхийн олимпиад”-ыг орон даяар зохион байгуулж байна. Энэхүү олимпиад нь хоёр үе шаттай явагдаж байгаа бөгөөд өнөөдөр /2025.12.23/ Ховд аймагт нэгдүгээр шатны шалгаруулалт амжилттай боллоо. Олимпиадын 9 дүгээр ангийн төрөлд 21 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 23 сурагчоролцож, нийт 44 сурагч монгол цэргийн түүхийн мэдлэг, чадвараа сорив. Төрөл тус бүрд эхний гурван байрыг шалгаруулж, шилдэг зургаан сурагч Ховд аймгаа төлөөлөн хоёрдугаар шат буюу улсын олимпиадад оролцох эрхээ авлаа. Улсын олимпиад энэ сарын 26-нд Улаанбаатар хотод болно. Олимпиадыг орон нутагт аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Боловсролын газар, Жаргалант сумын Ерөнхий боловсролын Прогресс сургууль хамтран зохион байгууллаа. Энэхүү олимпиад нь Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жил, Бүгд Найрамдах Улс тунхагласны 101 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлогтой.
