no image
“ИХ АЛТАЙН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ" БОЛОВ
2019-10-17
noimage
Цаг үеийн мэдээ
2018 оны 6-р сард Ховд аймагт зохион байгуулагдсан “Алтай бидний нийтийн гэр” олон улсын зохицуулах зөвлөлийн 15-р хурлаар Их Алтайн бүс нутгийн эдийн засгийн зөвлөл байгуулах шийдвэрийг гаргасан байдаг. Тус шийдвэрийн дагуу энэ оны 10-р сарын 11-ний өдөр ОХУ-ын Алтайн хязгаарын Белокуриха хотод Алтайн хязгаарын БНУ, Дорнод Казахстан, БНХАУ-ын ШУӨЗО болон Монгол Улсын Ховд, Баян-Өлгий аймгийн удирдлага, төлөөллүүд оролцсон “Их Алтайн бүс нутгийн эдийн засгийн зөвлөлдөх уулзалт, зөвлөгөөн” боллоо. Зөвлөгөөнөөр Их Алтайн бүс нутгийн эдийн засгийн зөвлөлийг байгуулж, бүс нутаг хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд талууд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалт, зөвлөгөөний үеэр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав аймаг, орон нутгийнхаа хөгжлийн бодлого зорилт, ойрын хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулав. Мөн бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, Хүнс, ХАА, МАА-н салбарт хамтран ажиллах боломжуудыг танилцууллаа. Тус уулзалт зөвлөгөөний үеэр оролцогч талууд Их Алтайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийн тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Ийнхүү бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хөрш зэргэлдээх хөгжингүй муж улсуудтай экспортод тулгуурласан худалдаа эдийн засаг, хүний хөгжилд тулгуурласан нийгмийн салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлснээр бүс нутгийн эдийн засаг, нийгмийн тогтвортой харилцаа бий болж, Ховд аймаг эдийн засгаа өсгөх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.