
Аймгийн ИТХ-ын зургаадугаар хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудлын нэг нь Шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах эрх олгох, хугацаа сунгах тухай юм. Аймгийн ИТХ-ын ажлын албанаас холбогдох мэдээллийг танилцууллаа. Үүнтэй холбогдуулан төлөөлөгчид, хуралд урилгаар оролцогчид асуулт асууж саналаа илэрхийлэв. Эх сурвалжийн мэдээлснээр Монгол улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, холбогдох эрхзүйн актууд, аймгийн ИТХ-аас баталсан “Ховд аймгийн нутаг дэвсгэрт Шашны байгууллага байгуулж, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-д нийцүүлэн аймгийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах хүсэлт, холбогдох бичиг баримтын хамт ирүүлсэн 2 сүм хийд, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн 17 сүм, хийд байна. Дээрх асуудлаар төлөөлөгчид саналаа хэлж хүсэлт ирүүлсэн сүм, хийдийн үйл ажиллагаа явуулах эрхийг хууль, журмын дагуу сунгахаар боллоо. Шинэ байгуулагдсан сүм хийдэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг зургаан сараар, эрх сунгах хугацааг нэг жилээр тогтоолоо. Үүнээс гадна: Аймгийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл шинэчлэн байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталснаар энэ удаагийн хуралдаан өндөрлөв. Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр хааж үг хэлсний дараа Төрийн дуулал эгшиглүүллээ.