
Аймгийн ИТХ-ын VIII хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэхээр баталсан асуудлуудын нэг нь: -Аймгийн төсвийн 2024 оны гүйцэтгэл, 2025 оны хэрэгжилт, 2026 оны төсвийн төслийн илтгэл, -Аймгийн 2026 оны төсвийн орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх тухай юм. Дээрх асуудлаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батсайхан, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга Х.Болдбаатар нар илтгэл танилцууллаа. Илтгэл, мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж санал гаргалаа. 2026 оны төсвийн төслийг аймгийн хөгжлийн 2026-2030 оны үндсэн чиглэл, Засгийн газрын болон аймаг, сумдын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 2026 оны бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг Сангийн яамнаас хянасан төсвийн хязгаар, орон нутгийн дотоод эх үүсвэрийн боломжийн дээд хязгаарыг ашиглахаар тооцож боловсруулсан байна. Орон нутгийн төсвийн 2026 оны суурь орлогыг Сангийн яамны хяналтын тооноос 9,120.6 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөвлөжээ. Мөн 2026 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг салбар бүрээр ангилан төсвийн тооцооллыг хийсэн байна. Улс орны эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй уялдуулан зарлагыг бууруулж орлогоо нэмэгдүүлэхээр төсөвлөлөө. 2026 оны төсвийг Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дүгнэлтийн хүрээнд 1.5 тэрбумаар нэмэгдүүлж төлөөлөгчдийн саналыг тусган хуралд оролцогчдын 100 хувийн саналаар дэмжиж баталлаа.