no image
БНСУ-ЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОРПОРАЦИАС ХОВД АЙМАГТ ХӨГЖЛИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
2019-9-11
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн мэдээ
Ховд аймаг иргэдийнхээ амьдрал ахуйд түшиглэсэн, тогтвортой, байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт дэвшүүлэн “Гурван сэнхэр төвтэй таван од” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Монгол наадам, олон угсаатны бүлгүүдийн өв соёл, уламжлал, Монгол ахуйг гадна, дотны жуулчдад цогцоор нь үзүүлэх “Мөнгөлөг шагшуурга”, “Цайны зам” зэрэг өвөл, зуны аялал жуулчлалын арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг болсон. Тиймээс жил ирэх тусам Ховд аймгийг зорих жуулчдын тоо нэмэгдэж, 2018 онд гадаадын 7100, дотоодын 39 мянган аялагчийг хүлээн авсан байна.
Үүнтэй холбогдуулан БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын төрийн өмчит корпораци (КТО) -иас Ховд аймагтай аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэ хүрээнд Ховд аймагт ажиллаж буй KTO-гийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын захирал Пак Жонүнийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав холбогдох албаны хүмүүсийн хамтаар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд аялал жуулчлал, эрүүл мэндийн салбарт хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцож, Ховд аймагт Koica ОУБ-аар дамжуулан хөгжлийн буцалтгүй тусламжийн "ОТА" төслийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлэхээр болсон юм. Гурван жилийн хугацаанд таван сая долларын хөрөнгө оруулалт хийх тус төслийн хүрээнд орон нутгийн аялал жуулчлалын салбарын боловсон хүчнийг чадавхжуулах сургалтын төв байгуулах, жуулчдын ая тухтай аялах орчин нөхцлийг бүрдүүлэх ажлуудыг хийх саналыг "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газрын захирал уламжиллаа. Мөн Ховд аймгийн иргэдийн дунд ямар төрлийн өвчнүүд зонхилж байгаагаас шалгаалан 5 төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнийг ажиллуулж, эрүүл мэндийн сайн дурын аян зохион байгуулахаар болсон юм. Харин Ховд аймгийн зүгээс "КТО Улаанбаатар байгууллага"-д хамтын ажиллагааны саналаа илгээхээр болж, тус байгууллагатай хамтран ажиллах ажлын хэсэг байгуулахыг аймгийн Засаг дарга холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.