БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуань энэ сарын 23-24-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллав.
Тэрбээр Ховд аймагт анх удаа ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийнхаа томилолтын хүрээнд Булган боомтын үйл ажиллагаатай танилцлаа. Аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань болон дагалдан яваа бүрэлдэхүүнийг угтан авав. Дараагаар нь аймаг, сум орон нутгийн болон хил, гаалийн байгууллагын удирдлагуудыг оролцуулсан албан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр боомтын өргөтгөл, хилийн худалдаа, нүүрс, ачаа тээвэр, зорчигчдын өмнө тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудлаар санал солилцов. Асуудлыг тал талаасаа сайтар судалж хоёр талын саналыг харгалзан аль болох иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байх бүх талаар хамтран ажиллахаар ярилцлаа.