
Монголын Эд хэрэглэгчдийн хоршооны 19-р хэлтэс буюу Наран хайрхан уулын хоршоог 1925 онд Ховд аймагт байгуулснаар манай аймгийн худалдааны түүх эхэлсэн гэж үздэг. Энэ онд Ховд аймагт худалдааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Тэмдэглэлт энэхүү ойг тусгай хөтөлбөрийн дагуу тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдөр /2025.8.22/ Ховд аймагт худалдааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Баярын хурал” аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.
Баярын хуралд аймаг орон нутгийнхаа худалдааны салбарт ажиллаж байсан ахмадуудын төлөөлөл 180 орчим хүн оролцсон юм.

Баярын хурлыг аймгийн Засаг даргын орлогч М.Баярт нээж мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу Ховд аймгийн худалдааны байгууллагын үүсэл хөгжлийн талаар илтгэл мэдээлэл тавилаа.
Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн ахмад буурлуудын шагналыг гардууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 3, Алтан гадас одонгоор 2 хүн энгэрээ мялаалаа. Түүнчлэн Засгийн газрын шагнал “Худалдааны тэргүүний ажилтан цол тэмдэг, Ховд аймгийн зуун эрхэм шагнал, “Ховд аймгийн Хүндэт тэмдэг”, “Ховд аймгийн Хүндэт иргэн” Ховд хотын 340 жилийн ойн медаль, худалдааны салбарын 100 жилийн ойн медаль, холбогдох салбар холбоодын шагналаар ахмад буурлуудаа шагнаж урамшуулав.