no image
Баруун бүсийн эмч, мэргэжилтний VII зөвлөгөөн, ОУ-ын ЭШ-ний хурал Ховд аймагт болж байна
2025-6-30
noimage

Ховд аймгийн орчин үеийн эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Түүхт ойн хүрээнд аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, БОЭТ, Ач анагаах ухааны их сургууль, Монголын анагаах ухааны академи хамтран “Баруун бүсийн эмч, мэргэжилтний долоодугаар зөвлөгөөн, Олон улсын эрдэм шинжилгээний хурал”-ыг Ховд аймагт зохион байгуулж байна. 



Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх хүсэл эрмэлзлийг дэмжих, бүтээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, практик ач холбогдлыг дээшлүүлэх чиглэл бүхий энэхүү арга хэмжээнд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтэн нарын төлөөлөл 200 орчим хүн оролцож, мэдлэгээ дээшлүүлж байна. 



Өнөөдөр /2025.6.27/ эхэлсэн тус зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Ач АУИС-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, академич, АШУ-ны доктор, профессор Н.Баасанжав, Эрүүл мэндийн газрын дарга Б.Сүхнаран, Анагаах ухааны магистр, БОЭТ-ийн захирал П.Гэрэлсүрэн тэргүүтэй албаны төлөөллүүд мэндчилгээ дэвшүүлж, оролцогчдод амжилт хүслээ. 



“Баруун бүсийн эмч, мэргэжилтний долоодугаар зөвлөгөөн, Олон улсын эрдэм шинжилгээний хурал” энэ сарын 27,28-ны өдрүүдэд хоёр өдрийн турш үргэлжилнэ. Зөвлөгөөний эхний өдөр ХБНГУ, Солонгос улсын анагаахын ухааны эрдэмтэн судлаачдаас гадна Академич, АШУ-ны доктор, профессор Н.Баасанжав: Титмийн цочмог хам шинжийн менежмент, орчин үеийн эмчилгээний чиг хандлага сэдвээр Академич, АШУ-ны доктор, профессор Б.Бурмаажав: “Нэг эрүүл мэнд”хандлага-дэлхий дахины эрүүл мэндийг бэхжүүлэх нь сэдвээр АУ-ны доктор, профессор Л.Ганболд: Монгол Улсад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй шалтгаан ба үр дүн сэдвээр АУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва Тунгалаг цөв боловсрох үйл ажиллагааны алдагдал ба бодисын солилцооны өвчний эмгэг жам ба бай эмчилгээ сэдвээр илтгэж тавьж, зочин илтгэгчээр оролцлоо. Харин зөвлөгөөний хоёр дахь өдөр баруун аймгуудын эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн, докторууд 20 орчим илтгэл хэлэлцүүлнэ. 



Энэ нь бүсийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд болон цаашдын хөгжлийн бодлого, чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, бодлого боловсруулахад үр дүнгээ өгнө гэж үзэж байна. 



Баруун бүсийн хэмжээнд 7124 эмч мэргэжилтэн ажиллаж, хүн ардад эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Эдгээрийн 1500 гаруй нь Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байна.