Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Булган суманд ажиллах үеэрээ ажлын хэсгийн бүрэлдэхүүний төлөөллийн хамтаар тус сумын Нэгдсэн эмнэлгээр орж үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэрбээр тус эмнэлэгт хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий зөөврийн, дижитал Рентгэн аппаратыг хүлээлгэн өгөв.
Ингэснээр Булган, Алтай, Үенч сумдад амьдарч байгаа 30000 орчим иргэд Рентгэн оношилгоонд хамрагдаж өвчнийг эрт илрүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах бүрэн боломж бүрдэж байна. Ялангуяа коронавирусний халдвар авсан иргэдийн аймгийн төв рүү зорчих, БОЭТ-д ачаалал үүсгэдэг нэг урсгал харьцангуй багасах, тухайн эмнэлгийн даатгалаас авах санхүүжилт нэмэгдэх зэрэг давуу тал бий боллоо.
Алслагдсан сумын эмнэлгийг
“Рентгэн аппарат”-тай болгох хүсэлтийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав холбогдох яам, албан тушаалтанд тавьсан байна. Тэрхүү хүсэлтийг нь Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Цөмийн энергийн газрын дарга Г.Манлайжав нар хүлээн авч хөдөөгийн ард иргэдийн эрүүл мэндийн төлөө шуурхай шийдвэрлэж өгсөн нь ийнхүү биелэлээ олсон ажил болж байна.
Дашрамд мэдээлэхэд аймгийн Засаг дарга удахгүй Булган сумын Өрхийн Эрүүл мэндийн төвийг унаатай болгох асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлжээ. Ингэснээр өрхийн эмч нар Коронавирусний халдварын улмаас гэрээр эмчлүүлж буй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлэх боломж бүрдэх юм.