no image
Баяр наадмын сорилго барилдаан боллоо
2025-7-8
noimage

Ховд аймгийн баяр наадамд зодоглох бөхчүүд “Тунгалаг буянт” гал дээр жил бүр бэлтгэл хийдэг. Энэ жилийн хувьд тус гал дээр зургаан гэртэй 40 орчим бөх байрлан бэлтгэл хийж байна. Өчигдөр \2025.07.02\ Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын өмнөх Сорилго барилдаан боллоо. Тус барилдаанд Мянгад сумын харьяат, аймгийн заан Л.Сайханбилэг, Дөргөн сумын харьяат, аймгийн начин Т.Эрдэнэдалай тэргүүтэй 64 бөх зодоглов. 



Барилдаанд Дөргөн сумын харьяат, “Бүтээмж тауэр” ХХК-ийн бөх, аймгийн начин Л.Ням-Очир зургаа даван түрүүлсэн бол Зэрэг сумын харьяат, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын бөх, аймгийн начин Ш.Баяржаргал тав даван үзүүрлэлээ. Мөн Зэрэг сумын харьяат, сумын заан Э.Балжинням, Дарви сумын харьяат, сумын заан Б.Пүрэвсайхан нар их шөвөгт шалгарлаа. 



Дээрх сорилго барилдааны үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр оролцсон бөгөөд өв соёлоо эрхэмлэн дээдэлж, бөхийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон бөхчүүдэд талархал илэрхийлэн, удахгүй болох баяр наадмын барилдаанд нь амжилт хүслээ. Мөн “Тунгалаг буянт” бөхийн галд бэлтгэл сургуулилтаа хангахад нь зориулан ЗДТГ-аас 5,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж буйг Ховд аймгийн бөхийн холбооны дэд тэргүүн, аймгийн заан Д.Уламбаярт гардууллаа. 



Ховд аймгийн баяр наадмын үйл ажиллагаа долоодугаар сарын 8-нд эхэлж, тусгай хөтөлбөрийн дагуу долоодугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Баяр наадмын бэлтгэл ажлыг мэргэжлийн байгууллагууд үе шаттай зохион байгуулж байна.