Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн болон Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар төлбөрийн хувь хэмжээг хуулиар тогтоосон хувь, хэмжээний хязгаарт багтаан аймаг, сумын ИТХ-аас тогтоохоор хуульчилсан. Энэ дагуу аймгийн ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаанаар “Агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай” илтгэлийг хэлэлцэн, төлөөлөгчдийн саналыг тусган баталлаа.
Аймгийн хэмжээнд агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр болох МоЭнКо ХХК, Тефисмайнинг ХХК, Ховд дулааны станц ТӨХК, Бадамлах дөл ХХК, Булган түшиг ХХК, Тээлийн илч ХХК зэрэг 20 орчим байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс олборлосон түүхий нүүрсний төлбөрийн хувь, хэмжээг нүүрсний килограмм тутамд 1 төгрөг байсныг 1.5 төгрөг, Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэрээс агаарт гаргах хаягдлын бохирдуулах бодисын төлбөрийн хувь, хэмжээг килограмм тутамд 1 төгрөг байсныг 2 төгрөг болгож тус тус өөрчиллөө.
Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөх хуулийн хүрээнд агаарын бохирдлын төлбөр орон нутгийн төсөвт төвлөрнө.
Олборлосон болон түүхий нүүрсний хуучин хувь хэмжээгээр 2024 онд 8328.1 сая төгрөг төвлөрүүлж байсан бол шинэчлэгдсэн хувь хэмжээгээр 50 хувиар, Томоохон суурин эх үүсвэрээс агаарт гарах хаягдал 6.4 сая төгрөг төвлөрүүлж байсан бол шинэчлэгдсэн хувь хэмжээгээр 2 дахин нэмэгдэж орон нутгийн төсөвт төвлөрөхөөр байна.