no image
АЙМГИЙН УДИРДЛАГУУД МОЭНКО ХХК-НИЙН УДИРДЛАГУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2019-8-6
noimage
Цаг үеийн мэдээ
Мо-Эн-Ко ХХК-нийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Иветт Онг-оор ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өнөөдөр /2019.08.06/ аймаг, орон нутгийн удирдлагууд хүлээн авж уулзан хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов. Тухайлбал, Ховд аймаг, Мо-Эн-Ко ХХК-ийн хамтын ажиллагааг өргөжүүлж, “Хөшөөт хөгжил сан”-гаар дамжуулан орон нутгийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Мөн Хөшөөт тосгоны айл өрхүүдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй "Нүүлгэн шилжүүлэлт"-ийн үйл ажиллагааг хугацаанд нь зохион байгуулах, тулгамдаж буй асуудлуудыг бүх шатанд харилцан зөвшилцөж шийдвэрлэх талаар ярилцлаа.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав: Хөшөөт багийн шинэ сууринд 0,4В-ийн шугам татах ажлыг Мо-Эн-Ко ХХК хариуцан гүйцэтгэх, Жаргалант суманд амьдарч буй айл өрхүүдэд зах зээлийн үнээс хямд үнээр олгодог 2500 тонн нүүрсийг 10000 тонн болгон нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэж ажиллахыг хүсэлт болгон уламжиллаа. Мөн нүүрсний зах зээлийн үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан экспортолж буй нүүрсний 1тонн тутмаас “Хөшөөт хөгжил сан”-д хуримтлуулдаг 0,7 долларыг 1 доллар болгон нэмэгдүүлэх, анх тус төслийг хэрэгжүүлж эхлэхэд яригдаж байсан коксжуулах үйлдвэр, цахилгаан станц байгуулах зэрэг ажлуудыг гэрээнд тусгаж, гүйцэтгэх шаардлага тавьсан юм. МоЭнКо ХХК-нийн Ховд аймагт 12 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хөшөөт” төсөлд орон тооны 500 ажилтан, тээврийн 23 компанийн 500 гаруй жолооч зэрэг нийтдээ 2000 гаруй хүн ажилладаг байна. Тус нүүрсний уурхай өнгөрсөн онд 700 мянган тонн нүүрс экспортлосон бол 2019 онд 1,2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөн ажиллаж байгаа ажээ.