no image
Хөшөөтийн уурхайн тээвэрчид аймгийн удирдлагуудтай уулзав
2026-1-7
noimage
Цаг үеийн мэдээ

Хөшөөтийн уурхайд гэрээгээр нүүрс тээвэрлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, нүүрс тээврийн компани, жолооч нарын төлөөлөл өчигдөр /2026.01.05/ аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Саяхан хөшөөтийн уурхайн нүүрс тээврийн ачилтын талбайд жолооч, тээвэрчид тайван жагсаал зохион байгуулж, уурхай хариуцсан захиралд нэгдсэн тээврийн хөлсийг бууруулахгүй байх болон бусад асуудлаар шаардлага хүргүүлжээ. Гэвч тус шаардлагад “МоЭнКо” ХХК-ийн зүгээс хариу ирүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн нүүрс тээврийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргаад байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан энэ удаагийн уулзалтыг зохион байгуулсан юм. Уулзалтын үеэр жолооч, тээвэрчид тулгамдсан асуудлуудаа танилцуулж, шийдвэрлэж өгөхийг уламжиллаа. Тодруулбал, нүүрс тээврийн хөлсийг нэмэгдүүлж, өмнө мөрдөж байсан 0.074 долларт хүргэх МоЭнКо ХХК, тээврийн компани хоорондын 2026 онд байгуулах нүүрс тээврийн гэрээг өмнөх гэрээний нөхцөлөөс дордуулахгүйгээр үндсэн заалтуудыг хадгалан яаралтай байгуулахад орон нутгийн зүгээс анхаарал хандуулахыг хүссэн юм. Мөн уулзалтын үеэр бусад холбогдох асуудлаар аймгийн удирдлагуудаас тодорхой асуулт асууж хариулт, тайлбар авлаа. Одоогоор МоЭнКо ХХК-ийн хөшөөтийн уурхайн гадаад экспортын нүүрс тээвэрт 26 тээврийн компанийн 1200 гаруй жолооч ажиллаж байна. Аймгийн удирдлагууд тээвэрчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хамтран ажиллахаа илэрхийлсэн бөгөөд хамтарсан уулзалтыг дахин зохион байгуулж, нэгдсэн шийдэлд хүрэхээр санал нэгдэв.