
Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төсөвт байгууллагуудын дулааны эрчим хүчний хэрэглээг тоолуураар хэмжих үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчин, шаардлага ач холбогдлыг сурталчлах зорилгоор Мэйжүрмэнд ХХК-ийн төлөөллүүд Ховд аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг өнөөдөр /2026.4.14/ аймгийн ЗДТГ болон Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран дулааны тоолуур суурилуулснаар төсвийн урсгал зардлыг хэрхэн хэмнэх талаар мэдээлэл өгөх танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад аймгийн ЗДТГ, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцов. Энэ үеэр дулааны эрчим хүчний хэрэглээг тоолуураар тооцох тухай, ач холбогдол, үр ашиг, дулааны тоолуурыг суурилуулах техникийн нөхцөл авах, суурилуулалт, ашиглалтад хүлээн авах үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч, оролцогчдын асуултад хариулт өглөө. Олон улсын судалгаагаар дулааны урсгал зардлыг бууруулах боломжтой нь нотлогдсон бөгөөд дулааны тоолуур суурилуулснаар байгууллагууд 30–40 хувь хүртэлх хэмнэлт гаргах, мөн хэрэглээндээ тохирсон төлбөрийг төлж, төсвийн урсгал зардлыг хэмнэх талаар албаныхан энэ үеэр онцлов.