Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Түүхэн ойг тохиолдуулан “Олон улсын эрдэм шинжилгээний хурал”-ыг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хуралд оролцохоор Улаанбаатар хотоос хүрэлцэн ирсэн Ховд аймгийн харьяат, эрүүл мэндийн салбарын хүндэт зочид төлөөлөгчдийг орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзав.
Уулзалтад Анагаах ухааны доктор профессор, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Баттөр, Ач АУИС-ийн Ерөнхийлөгч, МУ-ийн Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, академич, АШУ-ны доктор, проф Н.Баасанжав, АШУ-ны доктор, проф, Б.Бурмаажав, Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх эмч, Монгол Улсын Гавьяат эмч, АУ-ны доктор, проф Д.Авирмэд, АШУҮИС-ийн АУС-ийн Яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн тэнхимийн эрхлэгч, МУ-ын Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, проф Л.Ганболд, АШУҮИС-ийн Эмнэлгийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч, Анагаах ухааны доктор, шинжлэх ухааны доктор, проф Д.Цэрэндагва нар оролцож, аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжил, дэвшил, цаашдын бодлого, зорилт, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Энэ үеэр Монгол Улсын хүний гавьяат багш цол хүртсэн Эдэнэбүрэн сумын харьяат, Анагаах ухааны доктор, профессор Д.Цэрэндагва, Монгол Улсын хүний гавьяат эмч цол хүртсэн Булган сумын харьяат Анагаах ухааныы доктор, профессор Л.Ганболд нарт орон нутгийн удирдлагууд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.