
ОХУ-ын Алтайн хязгаарын Засгийн газраас “Алтай – бидний нийтийн гэр” Олон улсын зохицуулах зөвлөлийн 18 дугаар хуралдааныг өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр Барнаул хотноо цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим хуралд Алтайн бүс нутгийн улс орнуудын олон салбар байгууллагууд өргөн бүрэлдэхүүнээр оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баяртаар ахлуулсан ажлын хэсэг тус хуралд цахимаар оролцсон юм. Хуралдааны үеэр 2024–2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулж, шинжлэх ухаан, боловсрол, спорт, соёл урлаг, худалдаа–эдийн засгийн хамтын ажиллагааны гол асуудлуудыг хэлэлцлээ. Мөн “Алтай –бидний нийтийн гэр” ОУЗЗ-ийн 2026–2027 оны хамтарсан ажлын төлөвлөгөөг баталж, Зөвлөлийн даргалах эрхийг Дорнод Казахстан мужид шилжүүлэхээр шийдвэрлэв. Тухайлбал, ирэх хоёр жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд эдийн засгийн зөвлөлийн хуралдаанууд, “Алтай–Алтан уулс” олон улсын тусгай ээлж, залуу эрдэмтдийн зуны сургууль, өвлийн олон улсын наадам зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийн томоохон арга хэмжээнүүд багтсан байна. Хуралдааныг ОХУ-ын Алтайн хязгаарын Засгийн газрын тэргүүний орлогч, ОУЗЗ-ийн Хэрэг эрхлэх газрын дарга В.В. Снесарь даргалж, хуралд оролцогч бүс нутгуудад талархал илэрхийлэн цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа энэ үеэр онцлон тэмдэглэсэн юм.
