
Эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, иргэдийн эрч хүч, тэсвэр тэвчээрийг сорих “Ховд марафон-2026” гүйлтийн тэмцээн ирэх сард болно. Тэмцээнийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, “Баруун өрнөл хаб” НҮТББ хамтран зохион байгуулна. Сүүлийн жилүүдэд иргэдийн дунд илүүдэл жин, таргалалт тодорхой хувийг эзлэх болсон. Иймээс тогтмол хөдөлгөөнөөр иргэдийн эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх ажлыг Ховд аймагт үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ирэх 5 дугаар сарын 16-ны өдөр “Ховд марафон-2026” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ удаагийн гүйлтийн тэмцээнд оролцогчид насны ангиллын дагуу 2-21 км зайд өрсөлдөх боломжтой. Өнгөрсөн жилийн марафонд 1000 гаруй хүн оролцож, 5 км-ийн зайд гүйсэн бол энэ жил тэмцээний цар хүрээг өргөжүүлж, гүйлтийн зай болон шагналын санг нэмэгдүүлснээрээ онцлогтой. “Ховд марафон-2026” гүйлтийн тэмцээн 14 сая төгрөгийн шагналын сантай юм. Иргэд та бүхэн эрүүл мэндээ дэмжиж, гүйлтийн тэмцээнд гэр бүл, найз нөхдөө уриалан хамтдаа идэвхтэй оролцоорой.