no image
Б.Баянмөнх аймгийнхаа баяр наадамд 8 даван түрүүлж "ЧИМЭГ" нэмлээ
2019-7-29
noimage
Цаг үеийн мэдээ
Ардын хувьсгалын 98 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаан төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай боллоо. Барилдаанд улс, аймаг, сум, цэргийн цолтой 256 бөх барилдсанаас Мөнххайрхан сумын харьяат, аймгийн арслан Б.Баянмөнх 8 даван түрүүлж, "ЧИМЭГ" нэмлээ. Харин Мөст сумын харьяат, сумын заан Ц.Төмөрцоож 7 даван үзүүрлэж, шинээр аймгийн заан цолны болзол хангав. Мөн их шөвөгт Булган сумын харьяат, аймгийн харцага Б.Анхжаргал, Буянт сумын харьяат, аймгийн харцага Б.Сосорбарам нар тус тус шалгарлаа.
Энэ жилийн баяр наадмын бөхийн барилдаанд Улсын цолтой 3, аймгийн цолтой 48, сумын заан, харцага, начин цолтой 50 гаруй бөх оролцсоноороо онцлог байв. Мөн Мөст сумын харьяат, сумын заан Б.Баяраа, Манхан сумын харьяат, сумын заан Б.Даваадалай, Дуут сумын харьяат, сумын заан Б.Одгэрэл нар 5 давж, шинээр Аймгийн начин цолны болзол хангалаа. Түрүүлж үзүүрлэсэн, шөвгөрсөн мөн шинээр цолны болзол хангасан бөхчүүдийн шагнал, цолыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нар гардуулж баяр хүргэлээ. Бөхийн барилдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон аймгийн удирдах ажилтнууд, үе үеийн бөхчүүд, бөх сонирхогчид, иргэд үзэж сонирхсон юм. Энэ үеэр аймаг орон нутгийн удирдлагууд ахмад бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.