no image
Аймгийн Засаг дарга Алтай, Үенч суманд ажиллав
2025-9-3
noimage

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа Алтай, Үенч суманд ажиллав. Энэ үеэр сумын удирдлагуудтай уулзаж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр мэдээлэл солилцлоо. Энэ жил нийт нутгаар зуншлага тааруу, өвөлжилт хүндрэх эрсдэлтэй. Иймээс мал аж ахуйн салбарт онцгой анхаарч, эрсдэлийг тооцон өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах чиглэл өглөө. Тухайлбал, Алтай сум өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 10 тонн задгай өвс, 2500 боодол өвс, 500 уут гурилан тэжээл, 300 уут хорголжин тэжээл бэлтгэхээр төлөвлөж, бэлтгэл ажилдаа орсон байна. 

 

 

Алтай суманд ажиллах үеэрээ тус суманд баригдаж буй спорт заалны барилга угсралтын ажлын явцтай танилцлаа. "Би Эм Жи Юу" ХХК улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилгын ажлыг гүйцэтгэж байгаа. Одоогоор барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Компанийн зүгээс энэ намартаа есөн сард багтаан барилгын ажлаа дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгөхөө энэ үеэр албан ёсоор мэдэгдлээ. 

 

 

Үргэлжлүүлэн тус сумын “Янзагхан” цэцэрлэгээр орж тулгамдаж байгаа асуудалтай газар дээр нь танилцав. Цэцэрлэгийн барилга 2008 онд ашиглалтад орсон. 2015 оноос эхлэн барилгын дээвэр, тааз хотойж суулт өгч эхэлжээ. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэн хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хотойлт үүссэн 2 ангийг хааж, зориулалтын бус ангид хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулаад 10-аад жил болж байгаа аж. 

 

 

Мөн тус цэцэрлэг нь 25 багш ажилчидтай, 125 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэвч өнгөрсөн хичээлийн жил 200 орчим хүүхдийг хамруулж, СӨБ олгожээ. Анги, танхим, өрөө тасалгааны хүрэлцээ хангамж дутагдалтай байгаа. Иймээс цэцэрлэгийн барилгыг бүрэн засварт оруулах тухай хүсэлтийг цэцэрлэгийн эрхлэгч уламжлалаа. 

 

 

Хүүхэд багачуудын эрүүл аюулгүй ая тухтай орчинд сурч хөгжих нөхцөл нэгдүгээрт байх ёстой гэдгийг Засаг дарга М.Амарсанаа онцлоод эхний ээлжид барилгын эксперт оруулж, ашиглах боломжтой эсэхийг тогтоолгохоор шийдвэрлэлээ.