no image
Буянт голын их, бага гүүрний хоорондох хоолойг засварлаж байна
2025-7-8
noimage

Буянт голын их бага гүүрний хооронд байрлах 19 у/м төмөр бетоны хоолойны эвдрэлээс шалтгаалан замын асфальт бетон хучилт цөмөрч, замын хөдөлгөөнд саад учруулаад байсан. Тэгвэл “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн Ховд аймаг дахь салбараас "Ф1000 хоолойн их засвар"-ын ажлыг энэ сарын 2-ноос эхлүүллээ. 



Засварын ажлыг тус салбарын инженер техникийн ажилчид хийж гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор суурийн ажил дуусаж, бетон цутгах ажил эхлэн, ажлын гүйцэтгэл 22 хувьтай үргэлжилж байна. Аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр засварын ажлын явцтай танилцаж, чанар, стандартад анхаарч ажиллахыг тус салбарын инженер техникийн ажилчдад сануулан, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах чиглэл өглөө. 



Цаашид стандартын дагуу хоолой угсрах, толгой далавч цутгах, хоолойнуудын амсар гагнах, тосон түрхлэг хийх, үечилж нягтруулан шороон дүүргэлтийн ажил хийгдэх аж. Ажлын төлөвлөгөөний дагуу энэ сарын 9-ний өдөр гэхэд засварын ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгөх юм. 



Буянт голын дундах засмал зам 1974 онд ашиглалтад орсон. 51 жилийн дараа 2 гүүрний дундах хоолойн иж бүрэн засварын ажлыг ийнхүү хийж байна. Тус хоолойг засварлахад шаардагдах төсвийг аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаас шийдвэрлэжээ.