no image
Удирдах албан тушаалтны ажлын тайлангийн нээлттэй сонсгол эхэллээ
2025-12-2
noimage

Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох зүйл заалтад тусгагдсаны дагуу “Удирдах албан тушаалтнуудын ажлын тайлангийн нээлттэй сонсгол” өнөөдрөөс эхэллээ. Энэхүү сонсголоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын хийсэн ажил, хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилготой. Сонсгол Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд зохион байгуулагдаж байгаа бөгөөд 18-20, 24-ний өдрүүдэд үргэлжилж, нийт 59 байгууллага үйл ажиллагааныхаа тайланг танилцуулах юм. Өнөөдрийн сонсголоор Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Нийгмийн даатгалын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар зэрэг нийгмийн салбарын 16 байгууллага 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хийсэн ажлуудаа танилцууллаа. “Удирдах албан тушаалтнуудын ажлын тайлангийн нээлттэй сонсгол”-д аймгийн Засаг дарга М.Амарсанаа, ЗДТГ-ын дарга Х.Баасанхүү нарын удирдлага оролцож, байгууллагын ажлын гүйцэтгэлтэй холбоотой асуулт асууж, санал солилцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга М.Амарсанаа: Оны эцэс болж байгаатай холбогдуулан байгууллагууд төсөв, санхүүгээ сайтар төлөвлөх, ирэх жил улсын төсвийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудаа бодитой төлөвлөж, чамбай хийх, ард иргэдэд хүргэх үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэйг анхаарууллаа. Мөн улсын төсөвт суулгаж амжаагүй, зайлшгүй шийдэх ёстой тулгамдсан асуудлаа орон нутгийн төсөвт хэлэлцүүлэхээр материалаа цаг алдалгүй ирүүлэх шаардлагатайг сануулав.