no image
Биеийн тамир спортын өнөөгийн байдал, цаашдын хөгжил хэлэлцүүлэг өрнүүлэв
2025-10-28
noimage
Соёл урлаг, спорт
Цаг үеийн мэдээ

Аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн дэмжлэгээр Биеийн тамир спортын газар санаачлан “Биеийн тамир спортын өнөөгийн байдал, цаашдын хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. 



Хэлэлцүүлгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт оролцож, аймаг орон нутгийн хэмжээнд спортын салбарт баримталж буй бодлого, цаашдын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр энэхүү хэлэлцүүлгээс олон санал, санаачилга, бодит шийдэл гарна гэдэгт итгэж байна хэмээн онцлон тэмдэглэв. Мөн ирэх оноос эхлэн “Ховдын ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд ЕБС-иудын Биеийн тамирын багш нарыг тодорхой шалгуур үзүүлэлтээр үнэлж, 30 хүртэлх сая төгрөгийн урамшуулал олгохоор төлөвлөж буйг мэдэгдлээ. 



Спортын салбарынхны өмнө тулгамдаж буй асуудлыг нээлттэй хэлэлцэж, гарц шийдэл, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, цаашдын бодлого, төлөвлөлтөд тусгах зорилго бүхий энэхүү хэлэлцүүлэгт сумдын Биеийн тамирын арга зүйчид, спортын холбоодын тэргүүн, нарийн бичиг, ЕБС-иудын Биеийн тамирын багш нар, цэцэрлэгүүдийн биеийн тамирын арга зүйчид зэрэг 100 гаруй төлөөлөл оролцож байна. Хэлэлцүүлгийн хүрээнд 2025 оны Биеийн тамир спортын үйл ажиллагааны талаар, хөгжлийн чиг хандлага, Спортын тэмцээн уралдаан зохион байгуулах журам, спортын холбоодын үйл ажиллагааны талаар, Бие бялдрын сорил авах аргачлал, шивэлт зэрэг найман сэдвээр илтгэл мэдээлэл тавих юм. Мөн Спортын арга хэмжээний төсөл хөтөлбөр, санхүүжилт, шагнал урамшууллын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид салбарын тулгамдсан асуудлаа ярилцана. Түүнчлэн шигшээ багийн төрлүүдийг дэмжих, улс, бүсийн чанартай тэмцээн уралдааныг сум орон нутагт зохион байгуулах, спортын холбоодын зохион байгуулах тэмцээн уралдааны төлөвлөгөөний талаар санал солилцоно. 



Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг нэгтгэн орон нутгийн шийдвэр гаргах түвшинд уламжилж, хэрэгжилтэд анхаарч ажиллах юм.